UBLife Logo
Спорт

Ферран Торрес Испанийн шигшээ багийн төлөө 20 дэх гоолоо орууллаа

Ферран Торрес Испанийн шигшээ багийн төлөө 20 дэх гоолоо орууллаа

Испаничууд "Евро-2024" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтодоо гарааны бүрэлдэхүүнийхээ 10 тоглогчийг сольсон ч, Албанийг 1:0-ээр буулгаж авав. Улмаар тэд Европын АШТ-ийг гурван ялалттайгаар итгэл төгс үргэлжлүүлж байна.

Испаничууд 2008 онд цом өргөснөөсөө хойш хоёр дахь удаагаа Европын АШТ-ий хэсгийн гурван тоглолтодоо хожил байгуулсан нь энэ. Тэд түүхэндээ анх удаа ганц ч гоол алдалгүй хэсгийн шатыг давсан нь зөвхөн довтолгоо ч биш, хамгаалалтын хувьд мөн жигд сайн тоглож буйн нотолгоо юм.

Тоглолтын 13 дахь минутад Дани Олмогийн дамжуулалтаар Ферран Торрес гоол оруулсан юм. Энэ нь Испанийн шигшээ багийн төлөө оруулж буй түүний 20 дэх гоол ажээ. 

Ферран Торрес Испанийн шигшээ багийн төлөө томоохон тэмцээнүүдэд таван гоол оруулаад байна. Тодруулбал, "Евро-2020"-д хоёр гоол, 2022 оны ДАШТ-д хоёр гоол, "Евро-2024"-д нэг гоол орууллаа.

Хорватын шигшээ багтай 2:2-оор тэнцсэн тоглолтын дараа чанга яригчаар Сербийн эсрэг уриа лоозон хашхирсан Албанийн довтлогч Мирлинд Даку бандуулсан тул Испанийн эсрэг тоглолтод оролцож чадсангүй.

Албаничууд Европын АШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн ч, Италийн хаалганд Европын АШТ-ий түүхэн дэх хамгийн хурдан гоолыг шигтгэж, Хорваттай 2:2-оор тэнцсэнээр толгой өндөр, нүүр бардам эх орон руугаа буцаж байна. 

Эл тэмцээнд хоёр дахиа хүч сорьсон Албанийн багийн дасгалжуулагч Сильвиньо тоглогчдоороо бахархаж байгаагаа илэрхийлж "Би олон шөнийн нойроо хугасалсан ч, энэ бүхэн маань үнэ цэнэтэй байсан" гэв.

Харин Испаничуудаас гагц гуравдугаар хаалгач Алекс Ремиро л талбайд гараагүй байна.

38 настай Хесус Навасийн хувьд, Испанийн шигшээ багийн өмсгөлтэйгээр талбайд гарсан хамгийн ахимаг тоглогч болов.

Ферран Торрес Испанийн шигшээ багийн төлөө 43 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулаад байна. Түүний клубийн түвшин дэх карьер "Манчестер Сити", өдгөө "Барселона" клубт хүлээлт үүсгэж байсан шиг ахиц дэвшилтэй байгаагүй ч харин шигшээ багтаа бол үр ашигтай тоглолтыг үзүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.