UBLife Logo
Спорт

Аргентин, Венесуэл шөвгийн наймд шалгарлаа

Аргентин, Венесуэл шөвгийн наймд шалгарлаа

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Копа Америка -2024" тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

КОЛУМБ-ПАРАГВАЙ 2:1

Колумбын шигшээ баг "Катар-2022" -ийг "өнжөөд" ямар нэг шинэчлэл хэрэгтэй гэдгийг яс махандаа мэдэрсэн биз ээ. Шигшээгийн ахлахаар аргентин мэргэжилтэн Нестор Лоренсо томилогдов. Мань эр 2014, 2018 оны ДАШТ-д Пекерманы туслахаар ажиллаж байсан тул багт юу хэрэгтэй байгааг хэнээс ч илүү мэднэ. Лоренсе Хамес Родригест ихээхэн итгэл үзүүлдэг хэвээр. Хамесийг бүх " хар ажлаас" чөлөөлж, талбайн төвд дураараа тоглох эрхийг өгч,бусад нь харин маш тодорхой үүрэгтэй тоглож буй. Ер нь бол Өмнөд Америкийн "enganche" гэж хэллэг бий. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, "#10", чөлөөтэй тоглодог "найруулагч", өөр үүрэг( жигүүрт гүйх, хамгаалах, хойшоо татах, тактикийн алдаа хийх гэх мэт) хүлээдгүй тоглогчдыг хэлдэг. Өнөө цагийн хөлбөмбөгт бол бараг байхгүй болсон л доо.

Магадгүй хамгийн сүүлчийн "энганче" нь Хамес ч байж мэднэ.

Харин Хамес үүргээ үнэхээр сайн биелүүлж байгаа. Парагвайтай хийсэн тоглолтод гэхэд л хоёр гоолын дамжуулалтыг хоёуланг нь л Хамес өглөө. Лоренсе ахлах дасгалжуулагчаар томилогдсоноос хойш Колумб ялагдал гэгчийг мартаад , 20 тоглолтод хожигдсонгүй явна.

"Копа Америка"-д Колумб түрүүлэх боломж маш их байгаа. Гагцхүү хэт хөөрвөл балардаг гэдгийг тэдний түүх сануулдаг. 30 жилийн өмнө Колумбын шигшээ ДАШТ-д оролцохдоо 33 тоглохдоо ганцхан хожигдсон амжилттай, Дэлхийн аварга болно гээд хөөрчихсөн очоод хэсгээсээ гарч чадаагүй билээ!!!

КАНАД -ПЕРУ 1:0

Канад бол "зөөлөн боорцог" гэдгээ Аргентинтай хийсэн эхний тоглолтод хангалттай харуулсан. Тиймээс ч Перуг хожиход гайхаад байх зүйл байхгүй. 

Ерөнхийдөө тун тэнцүүхэн, зарим талаар Перу ч илүү тоглолтын хувь заяаг Канадын Жонатан Дэвид 74 дэх минутад сөрөг довтолгоор оруулж шийдсэн. Перугийн хамгаалагч Араухо 60 дахь минутад "улаан жавтий" хүртэн , талбайд инкүүд 10-уулаа үлдсэн нь эцсийн үр дүнд нөлөөлсөн.

Хэсгээс гарах магадлал ч Перуд бараг байхгүй боллоо.

АРГЕНТИН -ЧИЛИ 1:0

Дэлхийн аваргууд энэ тоглолтод бүрэн давамгайлсан. Чилийн багийн ахлагч, хаалгач, эдүүгээ 41 настай Клаудио Браво гайхамшигтай сайн тоглоогүй бол Аргентинчүүд нилээн олон гоол хийчих байлаа. Браво лав л 8-9 удаа багаа "аварсан". Тиймдээ ч энэ тоглолтын шилдгээр шалгарсан юм.

Аргентинчүүд довтолгоонд тун идэвхитэй тоглосон ч үндсэн цаг дуусахаас 2-хон минутын өмнө цорын ганц гоолоо булангийн цохилтын дараахь бужигнаан дундаас Лаутаро Мартинес хийсэн. Энэ түүний "Копа Америка-2024" -д хийж буй 2 дахь гоол.

ЭКВАДОР-ЯМАЙКА 3:1

Тоглолтын эхний гоол бол энэ тэмцээний хамгийн гоё, хамгийн өвөрмөц гоолын нэг. Бараг зүүн захын Эквадорын хамгаалагч Рейнагийн холын цохилт (дамжуулалт!?) чиглэлээ өөрчлөөд Ямайкийн хаалгахд шууд орчихсон. Автогоол гэж протоколд бичсэн. Ямайкийн хамгаалагч хөл тавихад "хачир" авсан бололтой. Зүгээр нүдээр харахад бол Рейна цохилт орчих шиг болсон. Ямар ч л байсан гоё гоол, "Рейнагийн" гоол.

Хоёр дахь гоолыг Эквадорын шинэ од, найдлага ,17 настай Кендри Паэс нэгдүгээр үеийн төгсгөлд 11 м-ийн торгуулийн цохилтоос оруулав. Өнгөрсөн жил 17 нас хүрэхээсээ өмнө ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Паэс шигшээ багийн анхны гоолоо оруулж байсан юм. Солгой тоглодог, санамсаргүй гэнэт цохидог, ухаалаг , санаанд оромгүй дамжуулалт өгдөг энэ хүү 2025 онд (18 хүрэхээрээ) Английн "Челси"-д нэгдэх юм. 

Хоёрдугаар үед Усайн Болтын нутаг нэгтнүүд тооны зөрүүг багасгаж, улмаар тоглолтын төгсгөлд тун идэвхитэй довтолж тоглосон. 74 дэх минутад Ямайкийн довтлогчийн цохисон бөмбөг Эквадорын хамгаалагчийн гар, толгойд туссан ч шүүгч VAR үзээд ч "пенальти" заасангүй. 

Нэмэлт цаг эхэлмэгц Эквадорын Алан Минда "сольный проход" хийн тоглолтыг "төгсгөлөө". 

ВЕНЕСУЭЛ- МЕКСИК 1:0

Эхний тойрогт ялалт авсан хоёр баг тун сайхан "нээлттэй" хөлбөмбөг тоглолоо. Аль аль багт гоол оруулах цөөнгүй боломж гарсан. "Ацтекүүд" (Мексик) Америкт бол "гэртээ" байгаа юм шиг л нөхцөлд тоглодог. Ямар ч тоглолтыг Америкт амьдардаг "амигос" пиг үздэг. Энэ тоглолтыг гэхэд 72,000 үзэгч үзсэн бөгөөд үүний 90 хувь нь мексикчүүд гэхээр Мексикийг талбайдаа тоглосон гэхэд хэтрүүлэг болохгүй.

Тиймээс ч хөгжөөн дэмжигчдийнхээ уухай доор Мексикүүд олон ч аюултай довтолгоо хийсэн ч гоол оруулж чадсангүй, аз од нь дутав. Венесуэлийн бүх цаг үеийн мэргэн бууч Саломон Рондон хэд хэдэн гоолын боломжийг алдсан ч эцэст нь " пенальти" -аас ялалтын гоол оруулж, Венесуэлд том ялалт авчирлаа.

Тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө 3 минутын өмнө Мексикийн Пинеда мөн л "пенальти" цохисон ч хаалгаснаар тоог тэнцүүлэх сайхан боломжоо алдлаа. 

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.