UBLife Logo
Спорт

Фил Фоден: Английн багийн муу тоглолтын бурууг тоглогчид ч гэсэн хуваалцах ёстой

Фил Фоден: Английн багийн муу тоглолтын бурууг тоглогчид ч гэсэн хуваалцах ёстой

Фил Фоден дасгалжуулагч Гарет Саутгейтийн хамгаалалтын тактикийг өмөөрч, "Евро 2024" тэмцээний үеэрх бүтэлгүй тоглолтын бурууг Английн шигшээ багийн тоглогчид илүүтэй үүрэх ёстой гэв.

Тэд өдгөө Словакийн багийг эцсийн мөчид буулгаж авсан сэтгэлийн хөөрлөө дарж, Швейцарьтай хийх дараагийн тоглолтодоо төвлөрөн анхаарлаа хандуулж байна.

Английн шигшээ баг энэ долоо хоногийн бэлтгэлийнхээ үеэр 4-2-3-1 гэсэн хувилбарыг туршиж үзжээ. Марк Гуехи торгуулийн улмаас дараагийн тоглолтыг өнжих тул түүний оронд "Астон Вилла"-гийн Консаг төвийн хамгаалалтадаа гаргах бололтой.

Английн шигшээ баг Германд хийсэн эхний дөрвөн тоглолтдоо, нэн ялангуяа сүүлийн гурван тоглолтын үеэрх амжилтгүй гүйцэтгэл нь хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан.

Тиймээс Саутгейтийг довтолгооны дөрвөн тоглогчоо солих ёстой гэсэн шахалт их байна.

Фодений хувьд "Би Гаретыг өрөвдөж байна. Бэлтгэл дээр тэр биднийг шахаж, талбай дээр өндөр формтой байх ёстой гэж захидаг. Заримдаа энэ бүхний үр дүн тоглогчдоос өөрсдөөс нь хамаардаг шүү дээ. Бидэнд манлайлагч юу юунаас илүү чухал байна. Тоглогчид зарим талаар бурууг үүрэх нь зүй. Бидэнд талбай дээрх манлайлал үгүйлэгдэж байна" гэв. 

Фодений хувьд, өнгөрсөн долоо хоногт гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар гэр рүүгээ нисчихээд ирсэн. 

24 настай тэрээр дараагийн тоглолтод зүүн жигүүрийг эзэгнэн тоглох бололтой. Харин Английн шигшээ баг байрлалын тэнцвэрээ олохын тулд зүүн жигүүрийн хамгаалагч Люк Шоуг Швейцарийн эсрэг тоглоно гэж найдаж байна. Хоёрдугаар сараас хойш шөрмөсний бэртлийн улмаас талбайд гараагүй Шоу лхагва гарагт шигшээ багийнхаа бэлтгэлд оролцжээ.

Саутгейтэд довтолгооны хангалттай нөөц байгаа боловч Харри Кэйний ард Фоден, Жуд Беллингхэм, Букайо Сака нарыг байрлуулсан довтолгооны хувилбартаа үнэнчээр итгэж, найдсан хэвээр байна.

Фоден "Манчестер Сити"-г өнгөрсөн улирлын Премьер лигт түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бол Беллингхэм Ла лигийн шилдэг тоглогчоор тодорсон. Харин Кэйн "Байерн Мюнхен"-ий төлөөх анхны улирлаа 44 гоолтойгоор өндөрлүүлсэн билээ.

"Би бага зэргийн бухимдалтай байгаа гэдгээ нуухгүй. Би хичээж байна. Гоол оруулахыг, Английн шигшээ багийн төлөө үр ашигтай тоглохыг хүсч байна. Гэсэн хэдий ч үр дүнгээс үл хамааран сэтгэлгээгээ цэвэр хэвээр нь хадгалах явдал чухал. Би Премьер лигийн шилдэг тоглогч гэдгээ өдийг хүртэл нотолж чадаагүй л байна шүү дээ...".

Словакийн эсрэг хийсэн тоглолтын 95 дахь минутад Беллингхэмийг гоолдохоос хэдхэн минутын өмнө Фоден сэлгээнд суусан билээ.  

"Тэр үед би гэртээ харьж, хүүхдээ хооллоход 30 секунд дутуу байна л гэж бодсон. Тиймээс Жүдэд баярлалаа. Тэр намайг аварсан шүү дээ. Жүд эцсээ хүртэл бууж өгдөггүй. Тэр тоглолтод хожсон нь биднийг тэмцээнд үлдээгээд зогсохгүй урам зоригоор дүүргэж өгсөн. Бид үүнээс ч илүү чадна" гэв. 

Фодений хүсэлд эргэлзэх зүйл алга. Тэрээр багийнхнаа гүйлтийн статистикийг тэргүүлдэг. Бөмбөггүй үед ч шаргуу ажилладаг нь Пеп Гуардиолад багаасаа сонгогдоход нөлөөлсөн гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрдөг билээ. 

Гэсэн хэдий ч Фоден төвийн байрлалд илүү үр ашигтай тоглодог. Тэрбээр өнгөрсөн улиралд Ситигийн 10 дугаарын байрлалд тоглож, бүх тэмцээний хүрээнд 27 гоолыг оруулсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.