Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Оросын Владивосток хотод болж байгаа Жигоро Каногийн нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээний ялагчдад шагнал гардууллаа.

Энэхүү тэмцээн нь Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм. 100 жилийн өмнө Владивостокт Оросын түүхэн дэх анхны жүдогийн тэмцээн болж байсан юм. Энэ жилийн тэмцээн В.Путин, Шинзо Абэ нарын ивээл дор явагдаж байгаа бөгөөд цаашдаа жил болгон уламжлал болон явагдах болно.Тэмцээнд 21 хүртэлх насны залуу ОХУ, Японы тамирчид өрсөлдөж, манай баг тусгай зочны хувиар уригдсан байгаа. Манай шигшээ баг 1 мөнгө, 1 хүрэлтэй 3-р байрт орсон бол Японы баг түрүүлж, ОХУ удаалсан.В.Путин, Шинзо Абэ, Х.Баттулга нар бүгд жүдо бөхөд дуртай. В.Путин, Х.Баттулга нар одоо болтол бэлтгэл хийн, хөлсөө гаргаж, шигшээ багийн тамирчид дээр очдог бол Абэ багадаа хичээллэж байсан төдий. Гэхдээ Абе гольф тун чадмаг тоголдог төдийгүй байт харваандаа гарамгай. Японы Байт харвааны холбооны тэргүүний алба хашиж байсан эрхэм. Ийнхүү их спорт гурван улсын тэргүүнийг улстөрөөс гадна холбож өглөө.

Өнгөрсөн Пүрэв гарагт Ерөнхий сайд Шинзо Абэ Орос, Монголын Ерөнхийлөгчдийг Японд урьж, жүдогийн үзүүлэх тоглолт хийхийг уриалсан. Харин өөрөө жүдогийн хар бүс байхгүй тул гэмтэл авахгүйн тулд үзэгчийн суудалд сууна гэж ярьсан билээ.

