UBLife Logo
Спорт

Наадамчин олны нүдийг “хужирласан”, залуу начин О.Мөнх-Эрдэнийн тухай 13 баримт

Наадамчин олны нүдийг “хужирласан”, залуу начин О.Мөнх-Эрдэнийн тухай 13 баримт

Энэ жилийн бөхийн дэвжээний чимэг болсон, хамгийн залуу начин О.Мөнх-Эрдэнийн тухай 13 баримтыг хүргэж байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 7 бөх начин цол хүртсэн. Тэдний хамгийн залуу нь О.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн, 25 настай.

Улсын аварга С.Мөнхбатыг тавын даваанд өвдөг шороодуулж, улсын начин цол хүртлээ. Нэгийн даваанд Б.Зориг, хоёрын даваанд аймгийн арслан Д.Цэвэлсодном, гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, дөрвийн даваанд улсын харцага Н.Батзаяагаар тус тус давсан.  

Тэрээр чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй.

Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх юм.

Улсын шинэ начин маань 195 см өндөр, 130 кг жинтэй.

Түүний үлгэр дуурайл авдаг бөх нь Г.Өсөхбаяр аварга.

Тэр аав ээжийнхээ хоёр талаас бөхийн удамтай аж. О.Мөнх-Эрдэнэ 2011 оноос чөлөөт бөх, 2012 оноос үндэсний бөхөөр хичээллэсэн байна. 57 жилийн дараа удмаасаа төрсөн хоёр дахь начин болжээ.

Түүний аав Оюунбаатар Архангай аймгийн Хайрхан сумынх бол ээж Д.Хишигсүрэн нь Булган аймгийн Сайхан сумын уугуул.

Монголын мэдээ сувгийн ярилцлагад дурдахдаа О.Мөнх-Эрдэнэ “Тавын даваанд өөртөө байгаа бүх юмаа гаргаж барилдсан. Нэг мэдсэн туг тойроод гүйгээд ирсэн байсан. Их л баярласан даа. Зургаагийн даваанд унасан бөх маань түрүүлсэн болохоор гонсойсон юм байхгүй. Сайхан байна” гэв. Сайн ханийн халамж, аав ээжүүдийн дэмжлэг, сайн багш нарынхаа ачаар дуртай спортоороо хичээллэж, амжилт үзүүлж байгаагаа онцлов.

Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Түүний гэргий Ц.Өсөхжаргал “Нөхрөөрөө бахархаж байна. Хэн ч харсан сайхан залуу. Хүмүүс нөхрийг маань дэмжиж байсан нь сайхан санагдсан” гэсэн юм.

О.Мөнх-Эрдэнийн хадам ээж Ч.Бямбахишиг хүргэнийхээ дээлийг урлаж өгдөг байна. Өнгөрсөн жил Орхон аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэхдээ өмссөн дээлээрээ энэ жил мөн гоёж, улсын цолоор МУ-ын Ерөнхийлөгчөөр энгэрээ мялаалгасан байна.

Монголын Залуучуудын холбоо Үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начны болзол хангасан хамгийн залуу бөхөд хурдан удмын даага бэлэглэдэг. Уламжлал ёсоор энэ жилийн хурдан удмын даагыг О.Мөнх-Эрдэнэд бэлэглэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
3
10
0
1
1
4
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.