Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Найрагчийн мөрөөр: Насаараа дурсаж яваарай

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Үргэлжлэл


1927 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Виккерсдорфод сурч байсан Сурмаажавт хаягласан нэгэн захидал Парис хотоос иржээ. Парис хотод суралцаж буй Уртнасангаас илгээсэн тэр захидалд хийсэн гэрэл зургийн ард “Амраг хүү чам дор. Умартагдах үгүй муу биеийн дүрсийг хүргэсүгэй. Нөхөр Уртнасан чинь билээ” гэж бичсэн байлаа. 1926 онд Германд хөл тавьсан монгол сурагчдын дунд явсан зургаан охины хувь тавилан хэрхэн өрнөж, яаж амьдарсан тухай товч өгүүлнэ.


Улс орныхоо төлөө гэх шийдвэрийн дор алс газар одуулсан 13-17 насны сурагчдын дотор Улаанбаатар хотод төрсөн Батсүх, Юмхүү, Богдхан уулын аймагт төрсөн Цэрэнханд, Өвөр Монголын Жаруд аймгийн ноён Гомбожавын охин Хаалаа, Дэлгэр уул аймагт төрсөн Сурмаажав нарыг Хүрээний дунд сургуулиас сонгож Германд явуулсан бол сүүлд Нацагдоржийн эхнэр Амгаланбаатар хотын Пагмадуламыг нэмж илгээжээ. Мөн Францад суралцаж байсан Цэвээн Жамсрановын эхнэр Бадамжавыг өрнөд одсон бүсгүйчүүдийн тоонд оруулах ёстой. 

Сурагчдыг Польшийн Штетин хотын усан зогсоолд тоссон Английн иргэн Сергей Вольфын тэмдэглэснээр охид нимгэн даавуун тэрлэг өмссөн, 13-16 насны хүүхдүүд байлаа. Тэднийг жил орчмын дараа тус тусын сургууль, үйлдвэрт хуваарилахад Сурмаажав, Юмхүү хоёр Германы Лецлинген хотын Гар үйлдвэрлэлийн хамтлагт хоёр эрэгтэй сурагчтай, Цэрэнханд, Хаалаа, Батсүх нар Германы өмнөд хэсэг Тюрингин мужийн Виккерсдорфын чөлөөт сургуульд хуваарилагджээ. Сурмаажав хожим Виккерсдорфод сурахаар очсон байдаг. “Ээж Хаалаа эгч хоёр их ойр дотно байсан юм билээ. Хоорондоо ижилсэж хувцаслана, найзалж нөхөрлөдөг байж л дээ. Германд байхдаа нэг удаа мэргэн хүнд үзүүлжээ. Ээжийг их урт насална. Таван хүүхэд төрүүлж, нэг тал хүүхэд төрүүлнэ гэж. Залуу байсан болохоороо тал хүүхэд байхдаа яах вэ дээ гээд инээцэлддэг байж. Харин Хаалаа эгчийн талаар сүүлд нь ээжид “Богино настай амьтан юм даа, хөөрхий” гэсэн юм билээ. Үнэхээр ч урт наслаагүй дээ” гэж Сурмаажав гуайн охин Баясгалан ярилаа. 

Эмэгтэй сурагчид монгол дээл өмсчээ

Германд суралцаж байсан охидын амьдралд тохиосон олон сайхан явдлын нэг нь Хаалаад зориулсан нэрийн шоколад. 1927 оноос сурагчдыг герман хэл сургах зорилгоор герман айлуудад суулгахад Хаалаа хувийн шоколадны үйлдвэртэй айлд очжээ. Тэр айлын Христийн сүмийн номлогч хүү хожим Хаалаад сэтгэл алдарч, “Хаалаа” нэртэй шоколад хүртэл гаргасан гэдэг сайхан түүх бий. “Ээж чинээлэг герман айлд суусан юм билээ. Тэднийх ээжтэй нас, бие чацуу охинтой. Хоёуланг нь эгээ адилхан хувцаслаад үдэшлэг, энд тэндэхийн уулзалт, аяллаар дагуулж явдаг байж. Тиймээс ээж Германд байхдаа европын ихэнх газраар явж үзсэн гэдэг” хэмээн Баясгалан гуайн өгүүлэх түүхийг батлах Германы даксунд үүлдрийн нохой тэвэрсэн, ганган охины зургийг бид харж байна. Тэгж явахдаа Сурмаажав Францад суралцаж байсан найз Дүгэрсүрэн, Уртнасан, Намсрай, Аюурзана нартай уулзжээ. Энэхүү уулзалтаас Уртнасан, Сурмаажав хоёрын хайр сэтгэлийн түүх эхэлсэн юм гэнэ лээ. Германаас буцаж ирснийхээ дараа тэд хөөрхөн охинтой болж, Роза гэж өхөөрдөн дууддаг тэр охинд Цэндийн Дамдинсүрэн гуай “Хоёр настай Ро” шүлгээ зориулсан түүхтэй. 

Сурмаажав герман гэр бүлийнхээ хамт 

Гэвч 40 гаруй сурагч бүгд сайн айлтай тараагүй нь мэдээж. Эмэгтэй сурагчдын нэг Юмхүүгийн суусан герман айл ганцхан хүүхэдтэй, тэр нь юу ч хийдэггүй тул гэрийн ажил өөрийнх нь нуруун дээр буудаг байлаа. Бас тэднийх гоймонгийн үйлдвэртэй тул тэнд байх хугацаандаа ихэвчлэн гоймон идсээр их махассан тухайгаа үр хүүдүүддээ хожим хуучилжээ. 

Герман дахь хоног өдрүүд тэдний амьдралд сайн сайхан дурсамж бүтээхийн хамт харууслын мөр ч үлдээсэн юм. Виккерсдорфын сурагчдаас Берлин дэх сурагчдын захиргаанд бичсэн захидалд “Бидний бие цөм сайн бөгөөд нөхөр бүсгүй Цэрэнхандын бие муу байдалтай. Гэрээс ирсэн захидал дээр үхсэн нас барсан хэмээн хэд хэдэн хүний нэрийг бичсэнээс шөнө өдөргүй хөдөө явах, уйлах зовох зүдгүүртэй. Саявтар сургуулийн амралт болоход нэгэн сургуулийн хөвгүүнийг дагаж Лайпциг хотноо одсон” гэжээ. Хол газар, харийн оронд байхад хайртай гэр бүлийнхэн нь нас эцэслэсэн тухай мэдээ арван хэдтэй жаахан охинд ямар хүнд тусахыг одоо бодоход ч сэтгэл өвдөнө. Үзэсгэлэнт охин Хаалаа 27-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ ийм л шалтгаанаас болжээ. Өвөр Монголын Жаруд аймгийн ноён Гомбожавын удам, энэ бүсгүй Германаас буцаж ирснийхээ дараа Омск хотод анагаахын чиглэлээр суралцжээ. Гэр орноосоо хол удаан суугаад эцэг эхээ санасаар эргэж ирэхэд ээж нь нас эцэслэсэн тухай гэнэтийн муу мэдээнээс болж, ухаан санаа нь үймэрсээр 27 насандаа өөд болсон гэдэг. 

Хоёр настай Ро ээж аавынхаа хамт

Германд суралцсан бүсгүйчүүдээс хамгийн бүдэг бүрхэг намтартай нь Пагмадулам. Нацагдоржийн Германд байхдаа бичсэн захидал дотор “Пагмыг бүсгүйчүүдийн сургуульд сургахаар төлөвлөж байна” гэснээс үзвэл Пагмадулам Лайпциг хотын охидын лицейд суралцаж байсан бололтой. 1924 онд байгуулагдсан “Бүсгүйчүүдийг боловсруулах” тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Пагмадулам намаас бүсгүйчүүдийн талаар баримталж байсан бодлогод идэвхтэй оролцдог байсан нь архивын баримтуудаас харагддаг. Гэтэл Германаас эргэж ирснийхээ дараахан Нацагдоржоос салж, хаана, юу хийж байсан нь тодорхойгүй байсаар сураг нь алдарчээ. Германд суралцаж байсан сурагчдын дурсамжид “Бид нэг өдөр Берлин хотын гудамжинд явж байгаад Нацагдорж, Пагмадуламтай таарлаа. Хүний газар уулзах их сайхан санагдаж билээ. Тэр хоёрын гэрт очиход их тохитой сайхан аж төрж байлаа” хэмээн бичсэн байдаг. Ленинград хотод, сүүлд Германд хамт суралцсан Нацагдорж, Пагмадулам нарын амьдрал 1930 онд төгсөж, хоёр тийш болжээ. Хэрэв 1929-1930 онд сурагчдыг эргүүлэн татаагүй бол Пагмадулам эмчийн мэргэжил эзэмших зорилготой байсан нь захидлуудаас тодорхой байдаг. 

Ийн 1926 онд 13-17 насандаа өрнө дахинд одсон зургаан эмэгтэй сурагчийн дотроос хожмын Номын сангийн эхийг тавьсан, Төв номын сангийн захирал Сурмаажав, анхны ардын багш Батсүх, герман, орос хэлний орчуулагч Цэрэнханд, Цусны төв эмнэлгийн анхны ажилчдын нэг Юмхүү нар төрсөн юм. 1926 онд дан даавуун дээлтэй алс холд одсон охид эрдэм өвөрлөн ирж, эх орноо орчин цагийн улс болох ажилд зүтгэжээ. “Германд сурсан эмэгтэйчүүд манайд их цуглана. Ярих юмаа ихэвчлэн германаар ярьчихна шүү дээ. Мань мэтэд мэдэгдэхгүй” гэж Сурмаажав гуайн охин Баясгалангийн хэлсэнчлэн тэд гадаад хэлний мэдлэг, соёлч боловсон зан, юм үзэж нүд тайлснаараа онцгойрч байсан нь гарцаагүй. Сүүлд ихэнх нь Зөвлөлтөд сургуульд явж, баруун, зүүн европын эрдмийг зэрэгцүүлэн өвөрлөсөн юм.  Тэд бол Парисаас Уртнасангийн хайртай бүсгүйдээ дурсгасан зураг шиг марталгүй дурсаж явах хүмүүс билээ. 

Хаалаа, Батсүх, Юмхүү нар 



холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
19 цагийн өмнө
Камер, тандалт, коронавирусээс сэргийлдэг "шүүлтүүртэй" баг
2
21 цагийн өмнө
Халдвараас сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг нэвтрүүлэв
3
22 цагийн өмнө
"Ghibli"-гийн CGI ашигласан "Earwig and the Witch" анимейшны трейлер гарлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.